
Өглөөний мэнд. Өнөөдөр хачин сайхан өдөр байна. Эргэн тойрны хүмүүс маань маш их баяр баясгалантайгаар ажиллацгааж, амьдралын өнгө дэндүү гэгээлэг байна. Тиймээс л би ч бас аз жаргалтай байна. Та ч бас өөрийгөө аз жаргалтай байлгахын тулд сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Аливаа зүйлд шаналж зовж илүүг шунаж, ихийг хүсэж явснаас л хүмүүс л “Би аз жаргалгүй хүн” хэмээн гутарцгаадаг. Харин өнөөдрөөс эхлэн бүгдээрээ хамтдаа өөртөө ч ялгаагүй өөр бусдад ч тэр сэтгэл хангалуун байж сурцгаая. Тэр дарга цэрэг нь тэндээ өрөөндөө ч байна уу, бааранд ч байна уу хамаагүй хэрэлдэнэ үү, зодолдоно уу, хэний ч юм мөнгийг хамтдаа иднэ үү бидэнд ерөөсөө хамаа алга. Хажуу айлын маань эзэгтэй муухай ааштай байна уу, орцонд маань хог асгаад цэвэрлэхгүй байна уу хамаагүй. Болохгүй бол өөрсдөө тэр хогийг нь цэвэрлээд, ааштай хэн нэгний үгийг сонсоогүй мэт инээгээд өнгөрөөчих л дөө. Эсвэл замын цагдаа, замын түгжрэл, осол аваар, хүмүүсийн бухимдалаас хол явъя. Тэр хар муу энергитэй газраас тойрч яваад өөрийнхөө цэвэрхэн, эрүүл, зөв энергитэйгээ цааш алхацгаая. Тэд тэндээ учраа олог. Тэгж байгаад л дарга нь ч байна уу, луйварчин нь ч байна уу, цагдаа нь ч байна уу хэн нэг нь асуудлыг зохицуулж л таараа. Харин бид сайхан санаж, сайныг бодож, сайхан замаар цаашилбал бүх зам сайхан нь байнаа гэсэн үг. Энэ үнэн шүү. Хүмүүс тэнд мөнгөө луйвардуулсныг хараад “Хөөрхий зайлуул, эд нар яаж амьдарнаа” гэж, эсвэл “Муусайн луйварчид ажлаа зогсоо, огцор” хэмээн хэн нэгний сэтгэлийн түмэн зовлонг өөртөө бас хураах шаардлага байхгүй шүү дээ. Тэглээ гээд тэдэнд ч тус болохгүй. Харин бид л хөгширч, өтөлж, эрүүл бие, оюун санаагаа эрүүл бус болгох болно. Танд л гэж хэлэхэд бүх юманд сэтгэл хангалуун бай. Тэгвэл та 25 тай юм шиг л 150 наслах ч юм билүү.
.jpg)
.jpg)
