Tuesday, March 13, 2007

Monday, March 12, 2007

Мөрөөдлийн хайр


Хэн нэгэнд үхтлээ дурлахсан
Хэтэрхий халуун хайрандаа шатахсан.
Хайртай гэж хээвнэг хэлчихээд
Хацраа улайлган ичингүйрч зогсохсон.
Гудамжаар хөтлөлцөөд алхаж явахсан
Гэнэхэн зангаар бусдаас харамлаад
Харц дагуулан хардаж нэг үзэхсэн
Халуухан янагаар үнсэж тайтгарахсан.
Бүтэлгүй дурлалыг амсаж нэг үзэхсэн
Бүр гэгээн ариухныг нь мэдрэхсэн
Тэгээд бас шаналж гунихсан
Дэвтрээ тэврээд уйлж суухсан.
Зөрөөд өнгөрсөн хосыг харж санаашраад
Зүйргүй сайхан хайраа нэг дурсахсан
Энгэртээ зургийг нь тэвэрчихээд
Эр хүн чамд гомдож бас тунихсан
Орондоо хөлбөрч нойргүй нэг хонохсон
Омог бардамхан залууг санаж үгүйлэхсэн.
Орчлонд хоёулахнаа гэдэгт итгэн
Одоо л чамайг хүснэм гэж шунахсан.
Гоо сайхан бүхнээ эрчүүдэд гайхуулан аальгүйтэæ
Зөвхөн түүндээ л хардуулж нэг үзэхсэн.
Гараас минь хөтлөн олны дундаас гарч
Ганцхан би чамд хайртай гэж хэлэхийг нь сонсохсон.
Голомт бадрааж өрх бүл болохсон.
Гал, ус шиг харшлах орчлон хорвоог зөөллөхсөн.
Өтгөс буурлаа жаргааж энэрэл хайрыг нь хүртэхсэн
Өлгийтэй үрийнхээ дууг сонсож насан туршдаа амьдрахсан.
Мөнхийн хайраа шүтэн дээдэлж
Мөрөөдөл болсон чамтайгаа учрахсан.

2001 оны 9-р сар Оюутан цагтаа тэрлэв.

Friday, March 9, 2007

Говийн намар буюу сэтгэлийн орон зай


Орчлонд айлчлан ирэх өглөө бүхний улаан наран их талын хаяанаас алгуурхан мандсаар тэнгэрийн тэн хагасыг дүүргэнхэн гараа. Онгон зэлүүд талдаа дураараа сэвэлзэх салхинд хүсэл шивнэж, огт анзаараагүй явсан тэнгэрлэг бүхний дээд энэ буюу. Тэнгэрийн үрс болох хүн төрөлхтөн, орчлонгийн нүд болох цэнхэр тэнгэр хоёр мөнхийн амин шүтэлцээтэй мэт ээ. Тиймээс хүн гэдэг тэнгэрлэг ажгуу.
Модод нүцгэрэх цаг иржээ. Мөнхөд ногооноороо байх юм шиг санаж явсан сан. Мөчирт нь хүсэл сэтгэлээ өлгөн үлдээчихээд, магад дараачийн зун учиртлаа “Баяртай” гэсэн мэт намар нэг л гунигтай. Тэнд модны дор нөмөр бараадан зогсох жаалхүү шиврээ бороонд шалба норчирсон нь гайхалтай. Аргагүй шүү дээ. Говийн намар юм чинь. Энд намар нь л бороо ордог гэмээр. Бас илбэх салхиных нь зөөлнийг яана.
Хүйгээс тасрах үрийн дуу тэртээ алсад сонстлоо ч сэтгэлд дэндүү ойр санагдана. Хорвоог орхих хүмүүний амь тэнгэрт дүүлэн нислээ ч зүрх шимшрэх нь уйтай. Тэнд багачууд хөхрөлдөж, энд хөгшид хуучилцгааж, говьд “говийнхон” намаржина.
Намрын шаргалхан говьдоо сэтгэл зүрхээ олзлуулчихаад хачин ихээр оргилсон эрмүүн тэмүүлэлдээ хөтлөгдөн яваа эгэл бус эгэл хүмүүн байхыг алийг гэх вэ? Гагцхүү зүүдний алтан говьдоо зүрхээ шингээчихээд, хоргодон хоцорсон нь энэ.
Говийн намар гэж уул толгод үгүй цэлийсэн тал, эрдэнэ мэт алтан элс, дэргэдээс гарах улаан наран, тэмээ гэж тэнгэрлэг амьтан, тэр зүгийн гэлтгүй халуун салхи гээд тоочоод байвал дуусахгүй ээ. Бас тийм гэхийн аргагүй борооны дараах чийглэг үнэр нь хачин содон. Тийм үнэрийг урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй.
Сэвэлзүүр салхи нь хацар нүүрийг илбэж, тэнгэрийн одод нь мэлмий юуг баясгасан Шандын үдэш сайхан.
2001 îíû íàìàð. Äîðíîãîâü Ñàéíøàíä

Эмээ, та биднийхээ түшиж тулах багана байжээ:


Гараас минь хөтлөөд амьдралд хөлөө олоход минь тусалсан хайрт эмээ минь улиран одох он цагийн урсгалд туугдан энэ ертөнцийг орхисон. Ухаан орсон цагаас хойш хагацал зовлон үзээгүй дэндүү жаргалтай өссөн бид хорвоогийн хатууг амсаж, сэтгэлээ эмтэлсэн нь энэ. Хүний хорвоо гэдэг угаасаа хатуу юм билээ. Дөнгөж саяхан халуун дулаан гараас нь атгаад хууч хөөрч суусан дотны хүнээ алдаад, хүйтэн өвлийн цагт газрын хөрсөнд даатган орхихдоо хүн гэдэг амьтан өчүүхэн харамсаагүй мэт. Гэв÷ сэтгэл эмтэрдэг нь мэдээж шүү дээ. Хорвоогийн жам гэж энэ хачин юм билээ.
Уул ус, газар дэлхий хүний бие цогцсыг аваад явахдаа харин яадаг бол гэж бодох үе гардаг. Амьдралын бэрхшээл бүрийг бид даван туулах учиртай. Сэтгэлээ барьж зүрхээ чангалах хэрэгтэй шүү дээ гэж өөртөө хэлсээр ирлээ. Одоо хүртэл эмээ минь хөлөө үстэй дээлээрээ хучаад суух дуртай сандал дээрээ сууж л байгаа юм шиг санагдана. Эмээгээ тийм хол, хэзээ ч бидэндээ эргэж ирэхгүй газарт очсон гэдэгт итгэж ядсан өдрүүд олон байсан. Олон хүүхдээ хүний гар харуулахгүй гэж ганцаараа зүтгэж явсан эмээд минь алдаж оносон амьдралын нугачаа бүхэн хатуу байсан нь мэдээж. Тэр бүхнийг даваад л гарнаа гэж тэмүүлсээр явсан шүү. Ингээд бодохоор биднээс илүү эмээ минь сэтгэлийн хаттай хүн байжээ.

Tuesday, March 6, 2007

Хайрын хөгжимчин


Уулын оройгоор хөх манан татаж, зөөлөн хэрнээ хүйтэвтэр салхи үлээнэ. Тачирхан хар үстэй бяцхан гөлөг өлөн ходоодоо хооллохоор газар шиншлэн, хааяа эгдүү хүрмээр жижигхэн савраараа хүзүүгээ маажих аядана. Тэгснээ төө хэринй сүүлээ годогнуулсаар цааш одно. Энэ өглөө ч ёстой сэтгэл уужирч, санаа алдмаар сайхан байлаа. Хдийгээр хэсэг бараан үүл тэнгэрт зулж юу юугүй бороошмоор байсан ч уй үргээсэн аядуухан салхитай ажээ.
Хотын захын хэдэн анмхавтар байшингуудын нэгэнд би амьдардаг. Машин тэрэг дуу, чимээнээс хол нам сэлүүн байдагт нь сэтгэл татагдана.. Өдөр, эсвэл шөнийн турш тайван байх авч хэн нэг бүсгүйн жаргалтайгаар инээх, үгүй бол хоолой чадлаараа дуулах нь тод сонсогдож ч мэднэ. Тиймээс тэд чимээгүй байхыг эрхэмлэдэг. Бие биестэйгээ найрсагаар мэндэлж, эелдэгхэн инээмсэглэн салцгаана.
Зураач, жолооч, эрдэмтэн, тэр ч бүү хэл нохой салхилуулагч хүртэл амьдардаг энэ хороололд анир чимээгүй байдал он удаан жил оршсон юм гэнэ лээ. Гэтэл нэг өглөө манай хөрш хаалганд шинэ айл нүүж ирсэн сургаар чимээгүй амьдрал хаашаа ч юм алга болсон байлаа. Учир нь тэр өдрөөс хойш хөршийнхөөс төгөлдөр хуурын ая тасраагүй юм. Шатан дээр тааралдсан зарим нэг нь толгой сэгсрэн зөрнө. Тэд дургүйцэж байгаа нь илт. Гэвч хэн ч тэдний хаалгыг тогшин “Болиод өгөөч, жаахан ч гэсэн амраагаад аль” хэмээн бухимдалаа илэрхийлсэнгүй. Хүрэн будагтай хаалганы цаанаас эгшиглэх тэр аялгуу нэг л мэдэхэд чихэнд дасчээ. Тэнд хэн амьдардагийг мэдэх байхгүйд, бүр сонирхох ч үгүй байгаад миний гайхал төрж үе үе хаалгыг нь тогшин хөрштэйгөө танилцмаар санагдана.
Өдөр бүр тоглодог байсан хуурын аялгуу нэг өглөө эгшиглэсэнгүй. Маргааш нь ч, нөгөөдөр нь ч тоглосонгүй. Хэдэн сараар чих амраагаагүй хөгжим гэнэт чимээгүй болчихсонд тааралдсан нэг нь мөрөө хавчин чимээгүй өнгөрнө. Тэдний нүдэнд төгөлдөр хуурын эгшиглэнтаялгууг үгүйлж буй нь илт.
Биеийнхээ алжаалыг тайлан ойрхон гүйх санаатай гартал шатан дээр танихгүй хүнтэй мөргөлдөх шахсандаа уучлал хүсээд доош буулаа. Тэр хүний уйлах нь уу гэлтэй хачин гурвалжин нүд, жижиг хамар долгиотой хүрэн үс нүдэнд тусав. Дэгжин хувцаслаж, хавтас барьсан нь ажил хэрэгж хүний шинжтэй боловч, уучлал хүсэн инээхэд нь тодорсон хацрын хонхорхой нь түүнийг улам ч энгдүүтэй болгох ажээ. Тэр манай хөрш хөгжимчин байх нь гэж яагаад ч юм надад санагдав. Гадагшаа гараад эргээд иртэл удтал тоглоогүй төгөлдөр хуурын ая эгшиглэж байлаа. Сэтгэл сэргэх шиг мэдрэмж төрж, дуу аялан өглөөний цайгаа бэлтгэв.
Хөгжимчин заримдаа хуураа тоглодоггүй байлаа. Тэр үед сэтгэл зүрх юу ч юм үгүйлээд, гунидаг болчихов. Дүүрээд ирсэн нулимсаа барьж ядан гиюүрч, жаргалтай зүрх хүчтэй лугшин цохилохыг мэдэрдэг байлаа. Уянгалаг аялгуунд нь харин өлмий дээрээ зөөлөн бүжиж, ганцаардлын дарсанд согтууран эргэлдэж, хэзээ ч билээ учирч байсан дурлалаа залан дуудаж хэмжээгүй их жаргалыг амталдаг байлаа. Нэг удаа би дэвтэртээ өөрийн мэдэлгүй ингэж биччихсэн байв. “Хөг аялгуу чинь намайг эзэмдэх юм. Чиний сэтгэлд чухам юу нуугдаа бол” гэж. Би түүний тоглох ая бүрт өдрөөс өдөрт татагдаж буйгаа мэдэрч өөрийгөө барьж ядах болов.
Ийм өдрүүд үргэлжилсээр байтал нэг өдөр сэрүүн тунгалаг агаараар цээж дүүрэн амьгалан алхаж явтал “Хүлээгээй” гэх дуу намайг зогсоов. Хөгжимчин хамтдаа алхахыг хүсээд бид цааш явав.
Би түүнээс “Та юу хийдэг вэ” гэж асуулаа.
- Төлөгч.
- Нээрэн үү. Тэгээд та юу мэддэг юм бэ?
- Юм бүхнийг. Жишээ нь та хөгжимд дуртай. Заримдаа уярч бүжиглэдэг. Ажил мэргэжилдээ хайртай. Үргэлж өөрийнхөө зөв гэж боддог. Нэг үгээр хэлбэл та гайхалтай зохиолч бүсгүй.
- Тэгээд цааш нь.
- Үгүй ээ, би чадахгүй.
- Яагаад?
- Таны нүд зөвшөөрөхгүй нь.
- Инээдтэй юм. Та яаж энэ бүхнийг мэддэг юм бэ?
- Бид чинь хөрш шүү дээ.
Ийм л яриа бидний дунд өрнөж, үүнээс хойш би төгөлдөр хуурны гайхалтай аязын оронд түүний царайг өдөр бүр харах болсон юм. Бид биенийхээрээ орж, гарч сайн найзууд төдийгүй сайн хөршүүд боллоо.
Тун удалгүй би гэр лүүгээ яардаг. Гэртээ байвал хөгжимчинийг хүлээн суудаг болчихов.
Зуны халуун өдрүүд дуусаж, намрын сэрүүн салхи салхилахыг ч мэдрэлгүй гэртээ бичгийн ширээний ард ажилласаар суутал хонх дуугарав. Очоод хаалгаа тайлвал хөрш маань зогсож байв. Тэр дотогш ороод цонх руу зааж,
- Би чамд юу авчирсныг хар даа гэлээ.
Хөшиг нээвэл намрын үлээмхий салхинд мөчрөөсөө гээгдэн дураараа хийсэх алтан шаргал навч цонхны шил иөргөн унаж байх нь тэр.
- Намар, намар ирчихэж. Ингээд ирчихлээ гэж үү. Би яагаад анзаараагүй юм болоо гэж шивнэх төдий хэлэхэд тэр миний гарыг зөөлөн атгаж,
- Би чамайг хайрлахыг хүсэж байна. Чи зөвшөөрөх үү гэсэн гэнэтийн үгэнд хэлэх хариу надад олдсонгүй. Ус балгаан мэт дуугүй зогсох намайг мөрөөр минь зөөлөн тэвэрч, духан дээр уруулаа хүргэх төдий үнсэхэд би түүнээс гэрэвшин эмээж буйгаа мэдэрлээ.
Ингэж аашлах нь надад жаргал мэт санагдаж байв. Түүний халуун дулаан цээж, ухамсартайгаар энхрийлэх гар, бурам шиг амтат үгс. Тэр бүхнийг мэдэрсэн миний сэтгэлд төгөлдөр хуурын аялгуу ахин эгшиглэх шиг болж билээ.

Бардам юм чи, залуу минь


Бардам юм чи залуу минь
Барьж дийлэхгүй сэтгэлээ чам руу нисгэе гэлээ.
Балтай улаахан уруулд чинь хүрч үзэхсэн гэлээ
Баршгүй мөрөөдөл бололтой яах билээ.
Бардамхан юм даа залуу минь чи
Хорьж дийлэхгүй нь зүрх сэтгэлээ би
Холдохын тоолонд ч үгүйлэн нэхээд байхад ч
Хоромхон зуур харц мөргөлдөх төдийд ч
Хоргодон хоцордог тэр дурлалаа яах вэ?
Бардамхан юм даа чи залуу минь
Уулзах гэж тэмүүлэх тэр хүслээ даравч
Учрах гэж яарсан энэ сэтгэлээ тогтоовч
Ухаанаас хэтэрсэн хүч юм даа
Уйлалтай биш дээ одоо яах вэ.
Бардамхан юм даа чи залуу минь.

2003 îí Ýðäýíýò õîò