Friday, March 9, 2007

Говийн намар буюу сэтгэлийн орон зай


Орчлонд айлчлан ирэх өглөө бүхний улаан наран их талын хаяанаас алгуурхан мандсаар тэнгэрийн тэн хагасыг дүүргэнхэн гараа. Онгон зэлүүд талдаа дураараа сэвэлзэх салхинд хүсэл шивнэж, огт анзаараагүй явсан тэнгэрлэг бүхний дээд энэ буюу. Тэнгэрийн үрс болох хүн төрөлхтөн, орчлонгийн нүд болох цэнхэр тэнгэр хоёр мөнхийн амин шүтэлцээтэй мэт ээ. Тиймээс хүн гэдэг тэнгэрлэг ажгуу.
Модод нүцгэрэх цаг иржээ. Мөнхөд ногооноороо байх юм шиг санаж явсан сан. Мөчирт нь хүсэл сэтгэлээ өлгөн үлдээчихээд, магад дараачийн зун учиртлаа “Баяртай” гэсэн мэт намар нэг л гунигтай. Тэнд модны дор нөмөр бараадан зогсох жаалхүү шиврээ бороонд шалба норчирсон нь гайхалтай. Аргагүй шүү дээ. Говийн намар юм чинь. Энд намар нь л бороо ордог гэмээр. Бас илбэх салхиных нь зөөлнийг яана.
Хүйгээс тасрах үрийн дуу тэртээ алсад сонстлоо ч сэтгэлд дэндүү ойр санагдана. Хорвоог орхих хүмүүний амь тэнгэрт дүүлэн нислээ ч зүрх шимшрэх нь уйтай. Тэнд багачууд хөхрөлдөж, энд хөгшид хуучилцгааж, говьд “говийнхон” намаржина.
Намрын шаргалхан говьдоо сэтгэл зүрхээ олзлуулчихаад хачин ихээр оргилсон эрмүүн тэмүүлэлдээ хөтлөгдөн яваа эгэл бус эгэл хүмүүн байхыг алийг гэх вэ? Гагцхүү зүүдний алтан говьдоо зүрхээ шингээчихээд, хоргодон хоцорсон нь энэ.
Говийн намар гэж уул толгод үгүй цэлийсэн тал, эрдэнэ мэт алтан элс, дэргэдээс гарах улаан наран, тэмээ гэж тэнгэрлэг амьтан, тэр зүгийн гэлтгүй халуун салхи гээд тоочоод байвал дуусахгүй ээ. Бас тийм гэхийн аргагүй борооны дараах чийглэг үнэр нь хачин содон. Тийм үнэрийг урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй.
Сэвэлзүүр салхи нь хацар нүүрийг илбэж, тэнгэрийн одод нь мэлмий юуг баясгасан Шандын үдэш сайхан.
2001 îíû íàìàð. Äîðíîãîâü Ñàéíøàíä

No comments:

Post a Comment

sainyy