
Амталж чадвал нам хүртэл амттай байдаг гэнэ. Бид өнгөрсөн хугацаанд намыг ч, хүнийг ч тэр таньж чадалгүй сонголт хийсээр ирсэн. Сонголт оновчгүй байвал 4 жилийн турш амтгүй хоол идэж, хольцгүй талх зулгаахад хүрдэг.
Иймээс эхлээд өөрсдийгөө сайн таниулах үүднээс Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам хаврын урь орсон нарлаг өдрүүд болох 5-р сарын 5-наас эхлэн дүүргийнхээ 21 хороодоор намынхаа амталгааг явуулж байна. Тэд хороо бүрт очиж хүн чанар, ёс жудагаа таниулж, иргэдэд хариуцлагатайгаар дүгнэлт хийж сонгох боломжийг олгож байгаа гэнэ. Энэ тухай тус дүүргийн Ардчилсан намын дарга Л.Эрхэмбаяр “Улс орны амин судсыг авч явах хүмүүсийн ёс зүй, хүн чанарт шалгуур тавьж, тэдний гоё үг, ааш аяг, ирсэн зам, сурсан дадал, итгэл даах чадвар, ноён нуруу гээд олон талаас нь үнэлгээ өгч сонгох ёстой. Гэтэл бид төрөө өрөнд оруулж, засгийн хөрөнгийг албан тушаал эрх мэдлээрээ далайлган идэж уун, авилга авч, хөлжиж баяжсанаараа цоллуулан хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүүрэнд наалдаж орхисон этгээдүүдийг сонгосоор байгаа нь тэднийг бага мэдэж, алдаж үнэлснийх. Энэ ч үүднээс иргэдэд намаа, хүнээ амтлуулж байгаа юм” гэлээ. Мөн дүүргээс сонгогдсон ҮЗХ-ны гишүүд болон Дүүргийн Намын Хорооны гишүүдтэй иргэд санал бодлоо хуваалцаж буй ажээ.
Хороо бүрийг хамарсан энэ их ажлыг угтаж хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Ардчилсан намынхан сэтгүүлчдэд алим тараан амтлуулж “Аливаа зүйлийг амталж байж сонголт хийдэг. Түүнтэй адил хүнийг ч бас амталж, таньж авах хэрэгтэй гэж байлаа. Өнгөрөгч 2006 онд “Ардчилсан нам иргэдээ сонсож байна” аян явуулан, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг нэгтгэн дүүргийнхээ ИТХ-ын дарга Д.Баярсайхан, Засаг дарга Н.Найдан нарт 9 зүйлийн шаардлага хүргүүлсэн бөгөөд эдгээр шаардлага ч эхнээсээ биелэгдэж байгаа нь тэдний ажлын үр дүн гэж хэлж болно.
Нөгөө утгаараа Ардчилсан нам ч ард иргэдийг амталж байгаа билээ. Тэдний амьдралд тулгамдаад байгаа олон асуудал, хорооны хөгжлийн талаар иргэдийн саналыг амаар болон бичгээр авч түүнийг шийдвэрлүүлэхийн төлөө төр засагтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлж байлаа.
“1000 герц цэнэг” Амталгааны хүрээнд СХД-ийн Ардчилсан Залуучуудын Холбооноос дүүргийнхээ залуучуудын уулзалтыг ийм нэртэйгээр зохион байгуулсан юм. Залуусыг идэвхи санаачлагатай, ирээдүйдээ итгэлтэй, зоримог алхам хийхэд нь түлхэц болж, тэдний оюуны хөгжилд хөрөнгө оруулалт болсон далайцтай ажил болсныг дурдах хэрэгтэй болов уу. Энэ уулзалтын үеэр шилдэг залуу лекторууд болох Б.Отгонбат, Ц.Жадамбаа, Б.Энхболд, Н.Дашдаваа нар залуусын тархийг цэнэглэж, тэдний харах өнцөг ямар байвал амжилтанд хүрэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мөрөөдөл хүслээ үйл хэрэг болгоход ямар зам сонгох, тэр ч байтугай манлайлагч болохын тулд юуг сурч, хандлагаа хэрхэн өөрчлөх талаар санал бодлоо илэн далангүй хуваалцлаа. Аливаа нийгмийн үйл хэрэгт залуучуудын идэвхи оролцоо чухал болохыг, мөн ямагт дутагдаж байгаа нь энэхүү уулзалтаас харагдаж байлаа.
Алим бүр өөрийн амттай.Шар алим исгэлэн, улаан алим шүүслэг, ногоон алим шорвог байдгийг бид мэднэ. Үүнийг бид амталж үзээд залгиж байж мэдэрдэг. Түүнтэй адил хүн ч ялгаагүй янз бүрийн амттай байдаг учраас таньж авахгүйгээр сонголт хийнэ гэдэг өөрийн амьдралаа үнэ хүндгүйд тооцож байгаагаас ялгаагүй хэрэг.
Тэгвэл алим бүрийн амтыг мэдэрсэн өдрүүд үргэлжилсээр байна. Асарын орой дээр намынхаа тугийг мандуулж, цугласан хүмүүст эмнэлэгийн үзлэг, ЭХО оношлогоо, үсчингээр үнэгүй үйлчилж, хуулийн зөвлөгөө өгч, зарим нэгэн нь хорооныхоо хөгжлийн талаар санал сэтгэгдлээ хуваалцах ийм дүр зургийг та долоо хоног бүрийн бямба, ням гаригуудад Сонгинохайрхан дүүргийн хороодын дунд харах боломжтой. Ардчилсан намд шинээр элсэх, эсвэл намынхаа батлахыг шинэчлэн солиулах гэсэн хүмүүсийг бүртгэл бас явагдаж буй. Амталгаа эхэлснээс хойш нэг хороонд 40-50 хүн намд шинээр элсэж байгаагаас харахад иргэд Ардчилсан Намд итгэл хүлээлгэж байгаа нь энэ болов уу гэсэн сэтгэгдэл төрөх. Түүнчлэн иргэд намын зүгээс явуулж буй дээрх үйлчилгээнд олзуурхаж байсан нь анзаарагдсан.
Иргэдийн сэтгэгдлээс…Уртаас урт дараалалд дугаарлан зогсох 8 сартай гэх жирэмсэн эхээс сэтгэгдлийг нь асуухад “Хэсгийн эмнэлэгийн ЭХО-ны эмч амралтаа аваад явчихсан болохоор Дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд үзүүл гэсэн. Тэнд очтол ЭХО нь 5000 төгрөг. Тиймээс л энд үнэгүй үзлэгт хамрагдах гээд зогсож байна” гэлээ.
Мөн 19-р хорооны иргэн Наран “Өнгөрсөн хугацаанд УИХ-д гарсан хүмүүсийн хэн нь ч өөрийгөө таньж ав, танилцаж хамтран ажиллъя, хэрвээ би хариуцлагагүй хүн байвал та битгий дэмж” хэмээн ирж байсангүй. Энэ ажил маш зөв. Улс орны хувь заяаг авч явах хүмүүсийг сайн нягталж таних хэрэгтэй. Би дэмжиж байна. Тэд амлалтаа биелүүлж чадсан. Хүүхдүүд минь хичээлийнхээ хэрэгслийг авч чадахаар болсон” гэлээ.
5-р хорооны иргэн Т.Самбуу “Манай хороонд харз ус байдаг. Өвөл болохоор ус нь халиад гэр, хашаа руу ороод ирдэг. Иймд дулааны цагт далан босгож өгөөч” гэв. Ардчилсан нам ямар амттай байгаа талаар иргэд ийн өгүүлж байлаа.
Амталгаа эхлээд очсон хороо бүрт тулгамдсан таван асуудал байнга яригдаж байлаа. Тэр нь “ Хог, ус, зам, тог, унаа” гэх. Гэвч төр засгаас эдгээрийг бэлдэж өгөхийг хараад суух бус иргэд олон түмэн нэг санаа зорилготой байж, амьдралынхаа төлөө идэвхитэй хөдөлмөрлөн, аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандвал эргээд бидэнд сайхан амьдрал ирнэ гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
Ардчиллыг ард түмнээс олгосон эрх мэдлийн хүрээнд ажиллах төрийн хэлбэр болон эрх мэдлийг ард түмэнтэйгээ хамтран эдлэх төрийн тогтолцоо хэмээн тайлбарладаг. Тэгвэл Ардчилсан нам ард түмэнтэйгээ хамт байж, иргэдэд нээлттэй ил тод үйл ажиллагаа явуулах алхамыг аль хэдийн хийж эхэлсэн байна.
Амталгаа энэ хэдхэн сард явагдаад дуусахгүй. Ардчилсан намыг амтлах үүд хаалга иргэдийн өмнө ямагт нээлттэй байгаа гэдгийг дуулгая. Магадгүй энэ амралтын өдрүүдэд танай хороонд ч очиж мэдэх шүү. Та амтлаад үз.
Б.Нямбаяр