
Шинэ долоо хоногийн эхний өдөр миний хувьд өнөөдөр тохиож байна. Учир нь би өчигдөр амарсан болоод тэр. Амарч байхдаа ТВ-ээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан гал түймрийг унтаахаар явсан онгоц осолдож амь эрсэдсэн 14 хүн болон хүнд бэртэл авсан 8 хүний талаар суваг бүрээс л мэдээлэл авч сэтгэл дотроо харамсан гашуудсаар өнжлөө. Нэг бодлын манай сэтгүүлчид мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэдэг болж. Энэ маш сайн. Мэдээлэл хурдтай хөгжиж, мэдээллийн урсгал улс орныг бүү хэл дэлхий дахиныг бүрхэж байна.
МҮОНРТ-ийн сэтгүүлч Досан болон түүнтэй хамт сурвалжлагаар явж байсан багийнхан эх орны минь нутаг дэвсгэр ямар аймшигтайгаар шатаж байгааг камертаа буулган авчээ. Галт уул дэлбэрч байгаа мэт сэтгэгдэл төрж, тэр их утаа дээшээ олгойдон бургиж байхыг харахад ямар ч Монгол хүний сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Гэхдээ юман чинээ тоохгүй баярлаж цэнгэж, эрх мэдэл албан тушаалын төлөө тэмцэлдэж, хэн нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж байсан хүмүүс мэр сэр байсан ажээ. Тийм аймшигтай гал түймрийн өмнөөс эх орон төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваад алтан амиа алдсан 14 залуусынхаа ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмнгэнэл илэрхийлье.
Хайрт ханиа, аавыгаа, төрсөн үрээ нэхэн уйлалдах ах дүү төрөл төрөгсөдийг нь харахад нүд хальтрам. Ямар хэцүү үйл явдал, дүр зураг байсныг хэлэхийн аргагүй. Монгол улс ахиад 14 аавийн хүүг зол бусаар алдаж байна. Ахиад хэдэн ч хүнээ энэ хариуцлагагүй төрийн алдаанаас болж алдахыг хэлж мэдэхгүй нь. Монгол улс эмгэнэн гашуудаж байна. Бид эмгэнэн гашуудаж байна. Би эмгэнэн гашуудаж байна. Яагаад гэвэл хэдийгээр миний ахан дүү биш ч гэсэн Онцгой байдал, гал түймэртэй тэмцэх хэлтэсийнхний, өөрөөр хэлбэл гал сөнөөгчдийн ажлыг, амьдралыг би сайн мэднэ. Дүрэлзэж буй улаан гал руу ороод л явчихдаг аавын хүү гал сөнөөгчдөөс өөр байдаггүй гэдгийг та мэдэх үү? Тийм цус зөвхөн Монгол хүний судсаар гүйдэг гэж би бардам хэлж чадна. Гадаад улсад мэдээж хэрэг тийм хүмүүс олон бий л дээ. Гэвч өнөөдөр би Монголдоо амьдарч байна. Монгол улсынхаа ганц ширхэг өвсөөр ч бахархаж амьдрах учиртай. Тэгж байж гэмээнэ улс орон минь хөгжин дээшилж, амьдрал цэцэглэх учиртай. Гэтэл тийм хүмүүс хэд бий билээ. Эх орныхоо ой мод, байгаль уул, усыг хайрлах нь бүү хэл шатаан сүйтгэж, түүнийг унтраахаар олон сая хөрөнгө хүч, хүний амь гарзадсаар байна. Хүмүүс минь жаахан ч гэсэн сэтгэлтэй байгаач дээ. Аливаа зүйлд хариуцлагатай, бодлоготой хандаж, гишгэсэн мөрөө эргэн харж явцгаая л даа. Хүн бүр өөрсдийнхөө өмнө зорилго тавьж, түүнийхээ төлөө зоригтой алхаж, шударга амьдарцгаая. Монгол түмнийг минь заяа буян түшиж, аз хийморь нь дэлгэрэх болоосой доо.
No comments:
Post a Comment
sainyy