
Зуны сэрүүхэн энэ өдөр зам даган алхаж явахдаа бурхан болсон эмээгээ саналаа. Сэтгэл минь өөрийн эрхгүй шаналж, нүдийг минь нулимс бүрхээд ирэв. Үүнийг бичээд сууж байхад ч ялгаагүй зүрх минь өвдөж, би ямар их уйлж байна гээч. Хайртай эмээгээ ахиад харахгүй, халуухан өвөрт нь тэврүүлэхгүй, духан дээр минь ахиад үнэрлэхгүй, нууцаа дэлгэн ярихгүй гэж бодохоор ганцаардаж байна. Тийм ээ, эмээтэйгээ ахиад бид ууланд гарч боргоцой түүхгүй, сэтгэлээ шингээсэн хийцтэй цайг нь уухгүй, шулуун шударга сургаалийг нь сонсохгүй. Тэгэж бодохоор энэ хорвоог, хүний амьдралыг би үзэн ядаж байна. Хайртай хүмүүсийг минь аваад явчихдаг өөдгүй энэ амьдралд дургүй минь хүрч байна.
Сэвэлзсэн салхинд алхаж явахдаа би ийн бодсоор явсан. Худал хуурмаг дүүрсэн хүний энэ орчлонд эмээ минь үгүй болохоор би маш их ганцаардаж байна. Эмээтэйгээ байхдаа бид сэтгэлээрээ баян байсан. Гэтэл тэр орон зай одоо бидэнд үгүйлэгдээд байна. Цээжин дотроо гараа хийгээд базаад авмаар санагдаад байх юм. Тэнд юу болж байгааг надаас өөр хүн мэдэх гэж үү.
No comments:
Post a Comment
sainyy