
Цаснаар бодлоо хөвсөөр нэг мэдэхэд ирэх газраа хүрээд ирсэн байв. Жаваргүй өдөр хааяа ганцаараа бодол хөвөн алхах сайхан шүү. Цасны чар чархийх чимээ бас нэг үг хэлээд байх шиг. Гэхдээ хотын маань цас агаараасаа болоод шаргаl өнгөтэй. Гялтганах ч юмгүй. Харин миний мэдэхийн Эрдэнэт, Дарханы цас гялтгасан цагаан өнгөтэй юм билээ. Өвлийн улиралд би тэр хоёр газарт л очиж байв. Харин Дорноговьд тэгж харагдахаар цас орох нь үгүй. Ингээд л миний очиж үзсэн холын нутаг маань дуусах нь тэр. Нэгэн хүний хэлснээр бол одоогийн залуучууд хоосон цэцэрхэхээс цаашгүй өрөвдмөөр хүмүүс ажээ. Эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газрыг судалж мэдэх нь миний ойлгосноор залуу хүн бүрийн эрхэм зорилго байх учиртай аж. Явсан хүн хожиж, суусан хүн яадаг гэдэг билээ дээ. Энэ бас үнэн л үг. Би яагаад ч юм тэр үгийг сонсоод өөрөөсөө бага зэрэг ичиж билээ. Өдий хүртэл юу хийж явсан бэ, нөхөр минь чи гэж өөрөөсөө асууж үзлээ.

Бодоод бодоод шальтай хийсэн зүйл ч алга. Харин хийхээр төлөвлөсөн ажил маш их. Тэгсэн хэрнээ төлөвлөгөөнд маань хөдөө, гадаа явж байгальтай танилцах тухай нэг үг ч алга. Би бодлоо. Хэрвээ төлөвлөөд зорьсон бол над шиг бодсоноо хийж байж санаа амардаг хүн түүндээ хүрэх л байсан гэж.

Уул, ус, дов толгод, гол нуур, ой мод, ан амьтан, өвс ургамалыг мэдэхгүй хүн байхгүй л дээ. Түүнийг юугий нь үзэх вэ дэ гэж бодох хүн гарах байх. Гэвч дээрх нэр төрлийн зүйлс хүнд ямар их эрч хүч, оюун санааны урам хайрладгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй.
No comments:
Post a Comment
sainyy