Wednesday, November 12, 2008

Би жаргалтай хүн

Би үнэхээр сайхан аялгуу сонсоод сууж байна. Сэтгэл нэг л тайвшраад намайг бодолд автуулчихлаа. Нүдээ аниад амьдралынхаа хамгийн сайхан бүхнийг бодоод би сууж байна. Эргэж ирэхгүй цаг хугацаа, аз жаргалтай дурсамжууд намайг, зүрх сэтгэлийг минь жаргааж байна. Би сэтгэлээрээ, бүхий л бие цогцосоороо аз жаргалыг мэдэрч байна. Гэрэл гэгээг мэдэрч байна. Хязгааргүй их, маш тод гэрэлд би тохиолдсон бүхнээ нүдээрээ харж байгаа мэт санагдлаа. Хүүхэд байхдаа тоглож байсан газрууд, бодож мөрөөдөж байсан зүйлсийнхээ тухай би эргэн санаж байна. Аялгуунд уярсан сэтгэл зүрхэндээ би тэр бүхнийг тунгаан бодлоо. Би хайрлаж, дурлаж, бас шаналж, уйлж туньж явсан. Миний ээжийгээ хайрлах хайр, охиноо хайрлах хайр, хайртыгаа хайрлах сэтгэл бүхэн миний аз жаргал байж. Тэдэндээ гомдож, тунирхаж, уурлаж бухимдаж явсан минь ч өнөөдөр эндээс харахад миний аз жаргал байж. Ухаарал бүхэнд миний нүд нээгдэж, учирсан хайр болгондоо би баярлаж явж. Энэ насандаа би ганцхан хүнийг хайрласан гэхгүйээ. Надад дурласанд нь би хатуурхаж, миний дурласанд тэд хатуурхаж явсан залуу насанд минь олон хайр байсан. Тэр бүх хайрыг би мартаагүй. Миний сэтгэл дэх орон зайд тэд үргэлж эргэн дурсагддаг. Хайр болгонтойгоо би сэтгэлээ хуваалцаж, хамаг байдгаа ярилцаж суусан байна.
Зовлонгоо хуваалцах найзтай, энгэрийг нь түшээд уйлах хүнтэй байсандаа би өнөөдөр азтай байж. Бас толгой дээр минь бяцхан гараа тавиад битгий өвдөөрэй гэж шулганах охинтойдоо, энэ амьдралдаа хэдэнтээ алдсан ч эвий минь, үр минь гэж алгаа тосон угтсан ээжтэйдээ, галзуу юм шиг зугаацаж, ганц нэг хатуухан юм хамтдаа хүртчихдэг найзуудтайдаа, хамаг бүхнээ уудлаад, хариуд нь зөвлөмж хүсдэг итгэлт сайн нөхөдтэйдөө би азтай хүн юм байна. Эргэж ирэхгүй энэ бүх дурсамжуудаа би энд бичиж чадахгүйээ. Энэ сайхан аялгуунд намайг ухааруулан эргэж ирсэн тэр дурсамжуудыг би насан туршдаа санаж явъя. Би жаргалтай хүн.

No comments:

Post a Comment

sainyy