
Гадаа сэрүүвтэр салхи үлээх. Сэтгэлд уянгалаг аялгуу эгшиглэн гэгэлзэж зүрх баясаана. Учралт амрагаа санан гансарч суух шиг жаргал үгүй ажээ. 5 жилийн өмнө шиг санагдана. Тэгэхэд оюутан насаа үдэж, ажил амьдралын замд хөл тавьсан зоригтой ч, жавхаатай ч үе байсан даг.
Үнэхээр сонин зүйл гэвэл миний зүүд зөнтэй байдагт байлаа. Сайхан зүүд зүүдэлвэл хэзээ нэг өдөр биелэхийг нь тэсэн ядан хүлээдэг. Биелдэг ч байлаа. Харин аймшигтай муухай мууг зүүдэлвэл айх, гайхах зэрэгцдэг юм. Тийм л сэтгэл зүрхээ их чагнадаг гэнэхэн охин нэг шөнө зүүдэлвээ.
Аялгуут дууг хэн нэгэнтэй хоршин дуулж байна гэж, анзаарч харахуйяа хоршигч маань эгэл даруухан, нүдээрээ инээсэн залуу. Үүнээс өөрийг би санадаггүй юм.
Өглөө босоод гэгэлзсэн сэтгэл дэрвээд тогтоож чаддаггүй. Асгартал уйлмаар ч юм шиг, аялгуут дууг хангинатай дуулмаар ч юм шиг. Өндрөөс өндөр уулын орой дээр гараад буруу хараад суучихмаар, салхинд нь үсээ илбэн зогсож, санаа алдмаар, эсвэл хоолойн чадал мэдэн орилмоор санагдаж байв.
Тиймээ, тийм зүүд зүүдэлсэн болохоор л би түүнтэйгээ учирсан байх. Өдөр хоног өнгөрөх тусам бүх л бие сэтгэлээрээ тэр бид хоёр уусан нэгдэж, хорвоо ертөнцөд зөвхөн хоёулхнаа юм шиг аашилсаар олон ч сарыг үдсэн байв. Түүнтэй хамт байсан тэр хэдэн жилийн хамгийн гунигтай бөгөөд жаргалтай үе нь түүнийг гадагшаа ажлаар явдаг өвлийн хэдэн сарууд байж билээ. Хүлээхийн жаргалийг амтлан, хайрын дээдийг мэдэрдэг байсан. Хүнд хайртай байхын аз жаргалыг, хайрлуулахын нууцыг мэдэрсэн тэр жилүүдийг мартахын аргагүй.
Уйтгар гуниг, аз жаргал хосолсон хайр минь анх надад ирсэн шигээ буцаад явчих нь гэж төсөөлж ч байсангүй. Тэгээд би ийн шүлэглэж билээ.
…Тогтуун байсан нууранд чулуу хаясан жаалыг
Тогтоож чадалгүй эрэг нурсан ч
Орчлон хорвоод буцааж болдогүй
Оргилуун сэтгэлээ аргадаж хайрлая… хэмээн дотроо битүүхэндээ харамсан халаглаж, уйлж суусан нь тэр. Амьдрал хэмээх энэ төгсгөлгүй далайд живжихгүйн тулд өөрийнхөө эзэмшсэн мэргэжил, өмнөө тавьсан зорилгоосоо зүүгдэн, зүүгдэн хөвсөөр эрэг дээр гарсан билээ.
Тийм ээ, надад өөртөө л найдаж, өрөөлөөс зугтаж явсан үе олон бий. Гомдон, гунихдаа хааяа хэн нэгэнтэй бие сэтгэлийн жаргал эдлэхсэн хэмээн бүсгүй хүний богино ухаанаар сэтгэж өөрөөсөө ичиж явсан цаг ч бий.
Гэсэн атал хамгийн жаргалтай, гэгээтэй, өнгөлөг цаг хугацааг минь тас хар өнгөөр будаж орхисон баргилхан хоолойтой залуутай дахин учрахыг хүсэх юм. Уйлахад нулимсыг минь арчиж, халуухан цээжинд нь наалдан аргадуулж, хамтдаа хэчнээн л бол хэчнээн км алхаж байсан өдрүүдийг, бас салхи сэвэлзсэн толгодын орой дээр нар шингэхийг харж зогссон тэр гэгээн мөч бүрийг би санан дурсаж байна. Ахин дахин амтлахыг хүснэ.
setgel gedeg uneheer uyaramtgai yumda
ReplyDelete