Sunday, April 6, 2008

Хаврын тэнгэр олон ааштай.


Хавар… би түүнийг цав цагаан, цайвар ногоон, ягаахан өнгөөр будаж, намуухан зөөлөн салхиар үлээж, хурц биш шаргалхан нараар ээж, зүрх сэтгэлд минь уянгын дуу аялахад дуртай байдаг. Миний хүслийг сонссон юм шиг хавар заримдаа гэгэлгэн бүсгүй намайг баярлуулдагсан. Өчигдөрхөн энэ хаврын сүүлчийн цас зөөлхөн хэрнээ цаанаа л нэг уянгатай хаялж, тогтуухан байсан сэтгэлийн утсыг хөндөөд орхиж билээ. Таксины цонхыг онгойлгоод сэрүүхэн атлаа чийглэг агаараар амьсгалж явсан би тэрүүхэн үедээ ямар их аз жаргалтай байсныг хэн ч мэдээгүй л дээ. Мэдээд ч яах юм билээ. Түүнийг минь хэн нэгэн мэдчихвэл миний тэр мэдэрсэн амт алга болчих юм шиг санагдаж билээ.
Хорвоо гэж сонин шүү. Хаврын тэнгэр олон ааштай. Улаан шороо шуурч байсан ч, хүйтэн салхи үлээж байсан ч урин хавар хүмүүний сэтгэлд гэгээлэг бодол үлдээж л байдаг. Энэ үед хэн нэгний сэтгэл хайр гийх шиг, хэн нэгэнтэй болзмоор ч юм шиг зүггүй зандаа хөдөлнө. Харин хэнтэй гэж…
Тийм ээ, залуус аа! Чиний зүрх сэтгэлд хайр гэрэлтсэн бол чи хорвоо дэлхийг дэндүү гоё өнгөөр харж байгаа. Энхрий бяцхан хүүхдүүд эгдүү хүргэж, элгэмсэг танхил бүсгүйчүүд хөөрхөн санагдаж, энэ ертөнцийн бүх л зүйл гэрэлтэн гийж байгаа. Тийм харц ч бас цовоо сэргэлэн байгаа. Их хотын унаган хүүхэд надад ингэж л санагддаг. Өндөр өндөр уулсыг би мэдэхгүй, өргөн их талыг би хараагүй ч сэтгэл доторхи тэр агуу ертөнцийг би мэдэрдэг, түүнийг ойлгохын дээдээр ойлгодог гэж боддог.

No comments:

Post a Comment

sainyy