Wednesday, September 12, 2007

Танд л гэж хэлэхэд…


Өглөөний мэнд. Өнөөдөр хачин сайхан өдөр байна. Эргэн тойрны хүмүүс маань маш их баяр баясгалантайгаар ажиллацгааж, амьдралын өнгө дэндүү гэгээлэг байна. Тиймээс л би ч бас аз жаргалтай байна. Та ч бас өөрийгөө аз жаргалтай байлгахын тулд сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Аливаа зүйлд шаналж зовж илүүг шунаж, ихийг хүсэж явснаас л хүмүүс л “Би аз жаргалгүй хүн” хэмээн гутарцгаадаг. Харин өнөөдрөөс эхлэн бүгдээрээ хамтдаа өөртөө ч ялгаагүй өөр бусдад ч тэр сэтгэл хангалуун байж сурцгаая. Тэр дарга цэрэг нь тэндээ өрөөндөө ч байна уу, бааранд ч байна уу хамаагүй хэрэлдэнэ үү, зодолдоно уу, хэний ч юм мөнгийг хамтдаа иднэ үү бидэнд ерөөсөө хамаа алга. Хажуу айлын маань эзэгтэй муухай ааштай байна уу, орцонд маань хог асгаад цэвэрлэхгүй байна уу хамаагүй. Болохгүй бол өөрсдөө тэр хогийг нь цэвэрлээд, ааштай хэн нэгний үгийг сонсоогүй мэт инээгээд өнгөрөөчих л дөө. Эсвэл замын цагдаа, замын түгжрэл, осол аваар, хүмүүсийн бухимдалаас хол явъя. Тэр хар муу энергитэй газраас тойрч яваад өөрийнхөө цэвэрхэн, эрүүл, зөв энергитэйгээ цааш алхацгаая. Тэд тэндээ учраа олог. Тэгж байгаад л дарга нь ч байна уу, луйварчин нь ч байна уу, цагдаа нь ч байна уу хэн нэг нь асуудлыг зохицуулж л таараа. Харин бид сайхан санаж, сайныг бодож, сайхан замаар цаашилбал бүх зам сайхан нь байнаа гэсэн үг. Энэ үнэн шүү. Хүмүүс тэнд мөнгөө луйвардуулсныг хараад “Хөөрхий зайлуул, эд нар яаж амьдарнаа” гэж, эсвэл “Муусайн луйварчид ажлаа зогсоо, огцор” хэмээн хэн нэгний сэтгэлийн түмэн зовлонг өөртөө бас хураах шаардлага байхгүй шүү дээ. Тэглээ гээд тэдэнд ч тус болохгүй. Харин бид л хөгширч, өтөлж, эрүүл бие, оюун санаагаа эрүүл бус болгох болно. Танд л гэж хэлэхэд бүх юманд сэтгэл хангалуун бай. Тэгвэл та 25 тай юм шиг л 150 наслах ч юм билүү.

Tuesday, September 4, 2007

Хөрс сүйтгэсээр л байна.



Энэ зургийг та харж байна уу. СХД-ийн Ханын материалын үйлдвэрийн ард хичнээн га газар сүйтгээд эргэн нөхөлт хийлгүй хаясан байдлыг та харж байна. Би зүгээр сонирхогч л доо. Гэхдээ энэ газрыг дуулаад зорьж очиж зургийг нь авсан юм. Энд ухсан нүх болон хаясан хогны оронд одоо энэ засгийн газрын хэрэгжүүлээд байгаа 40 мянган айлын орон сууцны нэг хэсгийг нь барих боломжтой маш том газар. Тэнд очоод харсан хэний ч сэтгэл сэртхиймээр. Цаана нь бас айлууд байгааг та анзаарч байна уу. Хэрвээ тэд буугаагүй бол тэр газрыг ч бас сүйтгэх байсан ч юм билүү.

Hi

Tuesday, August 28, 2007

Найзынхаа Хуримын сониноос…

Найзынхаа Хуримын сониноос…

Хуримын сониноос…

Хуримын сониноос…

Амралт дууслаа. Ажиллаад байдаг хэрэг ээ.


Аль хэдийн намрын салхи сэвэлзсэн байна. Уртаас урт амралт маань дуусаж их ажлын өдрүүд эхэллээ. Ажилдаа ороод 2-хон хонож байсан ч ажил овоорсон байна. Блогдоо ч бараг юу ч бичсэнгүй. Сонирхолтой, зугаатай амралт байсан болоод ч тэр үү, үргэлжлүүлээд амармаар санагдсан ч залуу хүн байна даа энэ чинь эрч хүчтэй, хурдтай байх хэрэгтэй гэж бодоод, тэгээд ч намайг манайхан ийм удаан амруулах юм гэж үү. Ха ха.

Thursday, July 19, 2007

Minii naizyyd

Monday, July 16, 2007

Зүрхэн дээр минь алгаа тавихад


Одооноос нэлээд хэдэн жилийн өмнө бичиж байсан энэ 4 мөртүүдээ эргээд уншиж суусан чинь нэг л гэгээлэг ч юм шиг, сайхан байжээ хө. Бас үюутан ахуйдаа бичиж байсан тэмдэглэл энэ тэрээ шивж дуусгаад блогдоо тавинаав Ер нь хүний амьдралын алтан агшин, үнэт дурсамж тэр үед тохиодог юм шигээ.


Яаруу сэтгэл минь чамайг нэхэхийн хэрээр
Яагаад учирсанаа ойлгож чадахгүй тэнүүчлэнэ
Чамайг олохгүй зүрх бүхний үүдийг татаад
Чанга дуугаар намайг хайрлаач гэж хэлчихмээр.

Гунигтай харцны нулимс эгшээж
Зүрхэн дээр минь алгаа тавихад
Өнчин зүрх өрцөндөө гэрэлтэж
Өөдрөг бүхэнд тэмүүлэх болсон, аялгуу минь

Тогтуун байсан нууранд чулуу хаясан жаалыг
Тогтоож чадалгүй эрэг нурсанч
Орчлон хорвоод буцааж болдоггүй
Оргилуун сэтгэлээр аргадаж хайрлая.

Зөөлөн алхсаар, чимээгүйхэн мишээсээр
Зүрхэнд минь чи ирсэн
Зөрөөд өнгөрсөн, зүүдэнд учирсан
Би мартаагүй.
Сэтгэл эзгүйрчихээд, чамайг алдчихаад
Сэмхэн гунигласан
Сэтгэлд хоногштол, зүрх уяртал
Чи мишээсэн
Би мартаагүй.

Зүгээр л би таныг хайрласан юм.
Зүггүйхэн зүрх минь таньд дурлачихсан юм.
Зүүдэнд дандаа үзэгдэх таныг ялдамхан инээмсэглэл
Зүүн хацарт тань үүсэх бяцхан хонхорхойд дурласан юм.

Tuesday, July 10, 2007

Миний мэдэх намар

nadad mash ih taalagdlaa.
Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч
Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ
Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт
Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ

Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж
Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна
Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт
Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна

Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг
Илүүдэж байсан дурлалуудаас нэг ч үгүй, цэцэгс шиг
Яг далайн давалгаа шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэчхэж
Ямар их уйтгар вэ намар минь чамайг би өрөвднөм


http://www.zaya13.blogspot.com/

Monday, July 2, 2007

Эмээтэйгээ байхдаа баян байсан


Зуны сэрүүхэн энэ өдөр зам даган алхаж явахдаа бурхан болсон эмээгээ саналаа. Сэтгэл минь өөрийн эрхгүй шаналж, нүдийг минь нулимс бүрхээд ирэв. Үүнийг бичээд сууж байхад ч ялгаагүй зүрх минь өвдөж, би ямар их уйлж байна гээч. Хайртай эмээгээ ахиад харахгүй, халуухан өвөрт нь тэврүүлэхгүй, духан дээр минь ахиад үнэрлэхгүй, нууцаа дэлгэн ярихгүй гэж бодохоор ганцаардаж байна. Тийм ээ, эмээтэйгээ ахиад бид ууланд гарч боргоцой түүхгүй, сэтгэлээ шингээсэн хийцтэй цайг нь уухгүй, шулуун шударга сургаалийг нь сонсохгүй. Тэгэж бодохоор энэ хорвоог, хүний амьдралыг би үзэн ядаж байна. Хайртай хүмүүсийг минь аваад явчихдаг өөдгүй энэ амьдралд дургүй минь хүрч байна.
Сэвэлзсэн салхинд алхаж явахдаа би ийн бодсоор явсан. Худал хуурмаг дүүрсэн хүний энэ орчлонд эмээ минь үгүй болохоор би маш их ганцаардаж байна. Эмээтэйгээ байхдаа бид сэтгэлээрээ баян байсан. Гэтэл тэр орон зай одоо бидэнд үгүйлэгдээд байна. Цээжин дотроо гараа хийгээд базаад авмаар санагдаад байх юм. Тэнд юу болж байгааг надаас өөр хүн мэдэх гэж үү.

Wednesday, June 20, 2007

“Ардчилал” сонины өнөөдрийн дугаарт миний бичсэн нийтлэл хэвлэгдэн гарчээ.


Амталж чадвал нам хүртэл амттай байдаг гэнэ. Бид өнгөрсөн хугацаанд намыг ч, хүнийг ч тэр таньж чадалгүй сонголт хийсээр ирсэн. Сонголт оновчгүй байвал 4 жилийн турш амтгүй хоол идэж, хольцгүй талх зулгаахад хүрдэг.
Иймээс эхлээд өөрсдийгөө сайн таниулах үүднээс Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам хаврын урь орсон нарлаг өдрүүд болох 5-р сарын 5-наас эхлэн дүүргийнхээ 21 хороодоор намынхаа амталгааг явуулж байна. Тэд хороо бүрт очиж хүн чанар, ёс жудагаа таниулж, иргэдэд хариуцлагатайгаар дүгнэлт хийж сонгох боломжийг олгож байгаа гэнэ. Энэ тухай тус дүүргийн Ардчилсан намын дарга Л.Эрхэмбаяр “Улс орны амин судсыг авч явах хүмүүсийн ёс зүй, хүн чанарт шалгуур тавьж, тэдний гоё үг, ааш аяг, ирсэн зам, сурсан дадал, итгэл даах чадвар, ноён нуруу гээд олон талаас нь үнэлгээ өгч сонгох ёстой. Гэтэл бид төрөө өрөнд оруулж, засгийн хөрөнгийг албан тушаал эрх мэдлээрээ далайлган идэж уун, авилга авч, хөлжиж баяжсанаараа цоллуулан хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүүрэнд наалдаж орхисон этгээдүүдийг сонгосоор байгаа нь тэднийг бага мэдэж, алдаж үнэлснийх. Энэ ч үүднээс иргэдэд намаа, хүнээ амтлуулж байгаа юм” гэлээ. Мөн дүүргээс сонгогдсон ҮЗХ-ны гишүүд болон Дүүргийн Намын Хорооны гишүүдтэй иргэд санал бодлоо хуваалцаж буй ажээ.
Хороо бүрийг хамарсан энэ их ажлыг угтаж хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Ардчилсан намынхан сэтгүүлчдэд алим тараан амтлуулж “Аливаа зүйлийг амталж байж сонголт хийдэг. Түүнтэй адил хүнийг ч бас амталж, таньж авах хэрэгтэй гэж байлаа. Өнгөрөгч 2006 онд “Ардчилсан нам иргэдээ сонсож байна” аян явуулан, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг нэгтгэн дүүргийнхээ ИТХ-ын дарга Д.Баярсайхан, Засаг дарга Н.Найдан нарт 9 зүйлийн шаардлага хүргүүлсэн бөгөөд эдгээр шаардлага ч эхнээсээ биелэгдэж байгаа нь тэдний ажлын үр дүн гэж хэлж болно.
Нөгөө утгаараа Ардчилсан нам ч ард иргэдийг амталж байгаа билээ. Тэдний амьдралд тулгамдаад байгаа олон асуудал, хорооны хөгжлийн талаар иргэдийн саналыг амаар болон бичгээр авч түүнийг шийдвэрлүүлэхийн төлөө төр засагтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлж байлаа.

“1000 герц цэнэг”
Амталгааны хүрээнд СХД-ийн Ардчилсан Залуучуудын Холбооноос дүүргийнхээ залуучуудын уулзалтыг ийм нэртэйгээр зохион байгуулсан юм. Залуусыг идэвхи санаачлагатай, ирээдүйдээ итгэлтэй, зоримог алхам хийхэд нь түлхэц болж, тэдний оюуны хөгжилд хөрөнгө оруулалт болсон далайцтай ажил болсныг дурдах хэрэгтэй болов уу. Энэ уулзалтын үеэр шилдэг залуу лекторууд болох Б.Отгонбат, Ц.Жадамбаа, Б.Энхболд, Н.Дашдаваа нар залуусын тархийг цэнэглэж, тэдний харах өнцөг ямар байвал амжилтанд хүрэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мөрөөдөл хүслээ үйл хэрэг болгоход ямар зам сонгох, тэр ч байтугай манлайлагч болохын тулд юуг сурч, хандлагаа хэрхэн өөрчлөх талаар санал бодлоо илэн далангүй хуваалцлаа. Аливаа нийгмийн үйл хэрэгт залуучуудын идэвхи оролцоо чухал болохыг, мөн ямагт дутагдаж байгаа нь энэхүү уулзалтаас харагдаж байлаа.

Алим бүр өөрийн амттай.
Шар алим исгэлэн, улаан алим шүүслэг, ногоон алим шорвог байдгийг бид мэднэ. Үүнийг бид амталж үзээд залгиж байж мэдэрдэг. Түүнтэй адил хүн ч ялгаагүй янз бүрийн амттай байдаг учраас таньж авахгүйгээр сонголт хийнэ гэдэг өөрийн амьдралаа үнэ хүндгүйд тооцож байгаагаас ялгаагүй хэрэг.
Тэгвэл алим бүрийн амтыг мэдэрсэн өдрүүд үргэлжилсээр байна. Асарын орой дээр намынхаа тугийг мандуулж, цугласан хүмүүст эмнэлэгийн үзлэг, ЭХО оношлогоо, үсчингээр үнэгүй үйлчилж, хуулийн зөвлөгөө өгч, зарим нэгэн нь хорооныхоо хөгжлийн талаар санал сэтгэгдлээ хуваалцах ийм дүр зургийг та долоо хоног бүрийн бямба, ням гаригуудад Сонгинохайрхан дүүргийн хороодын дунд харах боломжтой. Ардчилсан намд шинээр элсэх, эсвэл намынхаа батлахыг шинэчлэн солиулах гэсэн хүмүүсийг бүртгэл бас явагдаж буй. Амталгаа эхэлснээс хойш нэг хороонд 40-50 хүн намд шинээр элсэж байгаагаас харахад иргэд Ардчилсан Намд итгэл хүлээлгэж байгаа нь энэ болов уу гэсэн сэтгэгдэл төрөх. Түүнчлэн иргэд намын зүгээс явуулж буй дээрх үйлчилгээнд олзуурхаж байсан нь анзаарагдсан.

Иргэдийн сэтгэгдлээс…
Уртаас урт дараалалд дугаарлан зогсох 8 сартай гэх жирэмсэн эхээс сэтгэгдлийг нь асуухад “Хэсгийн эмнэлэгийн ЭХО-ны эмч амралтаа аваад явчихсан болохоор Дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд үзүүл гэсэн. Тэнд очтол ЭХО нь 5000 төгрөг. Тиймээс л энд үнэгүй үзлэгт хамрагдах гээд зогсож байна” гэлээ.
Мөн 19-р хорооны иргэн Наран “Өнгөрсөн хугацаанд УИХ-д гарсан хүмүүсийн хэн нь ч өөрийгөө таньж ав, танилцаж хамтран ажиллъя, хэрвээ би хариуцлагагүй хүн байвал та битгий дэмж” хэмээн ирж байсангүй. Энэ ажил маш зөв. Улс орны хувь заяаг авч явах хүмүүсийг сайн нягталж таних хэрэгтэй. Би дэмжиж байна. Тэд амлалтаа биелүүлж чадсан. Хүүхдүүд минь хичээлийнхээ хэрэгслийг авч чадахаар болсон” гэлээ.
5-р хорооны иргэн Т.Самбуу “Манай хороонд харз ус байдаг. Өвөл болохоор ус нь халиад гэр, хашаа руу ороод ирдэг. Иймд дулааны цагт далан босгож өгөөч” гэв. Ардчилсан нам ямар амттай байгаа талаар иргэд ийн өгүүлж байлаа.
Амталгаа эхлээд очсон хороо бүрт тулгамдсан таван асуудал байнга яригдаж байлаа. Тэр нь “ Хог, ус, зам, тог, унаа” гэх. Гэвч төр засгаас эдгээрийг бэлдэж өгөхийг хараад суух бус иргэд олон түмэн нэг санаа зорилготой байж, амьдралынхаа төлөө идэвхитэй хөдөлмөрлөн, аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандвал эргээд бидэнд сайхан амьдрал ирнэ гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
Ардчиллыг ард түмнээс олгосон эрх мэдлийн хүрээнд ажиллах төрийн хэлбэр болон эрх мэдлийг ард түмэнтэйгээ хамтран эдлэх төрийн тогтолцоо хэмээн тайлбарладаг. Тэгвэл Ардчилсан нам ард түмэнтэйгээ хамт байж, иргэдэд нээлттэй ил тод үйл ажиллагаа явуулах алхамыг аль хэдийн хийж эхэлсэн байна.
Амталгаа энэ хэдхэн сард явагдаад дуусахгүй. Ардчилсан намыг амтлах үүд хаалга иргэдийн өмнө ямагт нээлттэй байгаа гэдгийг дуулгая. Магадгүй энэ амралтын өдрүүдэд танай хороонд ч очиж мэдэх шүү. Та амтлаад үз.
Б.Нямбаяр

Monday, June 18, 2007

Монгол улс эмгэнэн гашуудаж байна.


Шинэ долоо хоногийн эхний өдөр миний хувьд өнөөдөр тохиож байна. Учир нь би өчигдөр амарсан болоод тэр. Амарч байхдаа ТВ-ээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан гал түймрийг унтаахаар явсан онгоц осолдож амь эрсэдсэн 14 хүн болон хүнд бэртэл авсан 8 хүний талаар суваг бүрээс л мэдээлэл авч сэтгэл дотроо харамсан гашуудсаар өнжлөө. Нэг бодлын манай сэтгүүлчид мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэдэг болж. Энэ маш сайн. Мэдээлэл хурдтай хөгжиж, мэдээллийн урсгал улс орныг бүү хэл дэлхий дахиныг бүрхэж байна.
МҮОНРТ-ийн сэтгүүлч Досан болон түүнтэй хамт сурвалжлагаар явж байсан багийнхан эх орны минь нутаг дэвсгэр ямар аймшигтайгаар шатаж байгааг камертаа буулган авчээ. Галт уул дэлбэрч байгаа мэт сэтгэгдэл төрж, тэр их утаа дээшээ олгойдон бургиж байхыг харахад ямар ч Монгол хүний сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Гэхдээ юман чинээ тоохгүй баярлаж цэнгэж, эрх мэдэл албан тушаалын төлөө тэмцэлдэж, хэн нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж байсан хүмүүс мэр сэр байсан ажээ. Тийм аймшигтай гал түймрийн өмнөөс эх орон төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваад алтан амиа алдсан 14 залуусынхаа ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмнгэнэл илэрхийлье.
Хайрт ханиа, аавыгаа, төрсөн үрээ нэхэн уйлалдах ах дүү төрөл төрөгсөдийг нь харахад нүд хальтрам. Ямар хэцүү үйл явдал, дүр зураг байсныг хэлэхийн аргагүй. Монгол улс ахиад 14 аавийн хүүг зол бусаар алдаж байна. Ахиад хэдэн ч хүнээ энэ хариуцлагагүй төрийн алдаанаас болж алдахыг хэлж мэдэхгүй нь. Монгол улс эмгэнэн гашуудаж байна. Бид эмгэнэн гашуудаж байна. Би эмгэнэн гашуудаж байна. Яагаад гэвэл хэдийгээр миний ахан дүү биш ч гэсэн Онцгой байдал, гал түймэртэй тэмцэх хэлтэсийнхний, өөрөөр хэлбэл гал сөнөөгчдийн ажлыг, амьдралыг би сайн мэднэ. Дүрэлзэж буй улаан гал руу ороод л явчихдаг аавын хүү гал сөнөөгчдөөс өөр байдаггүй гэдгийг та мэдэх үү? Тийм цус зөвхөн Монгол хүний судсаар гүйдэг гэж би бардам хэлж чадна. Гадаад улсад мэдээж хэрэг тийм хүмүүс олон бий л дээ. Гэвч өнөөдөр би Монголдоо амьдарч байна. Монгол улсынхаа ганц ширхэг өвсөөр ч бахархаж амьдрах учиртай. Тэгж байж гэмээнэ улс орон минь хөгжин дээшилж, амьдрал цэцэглэх учиртай. Гэтэл тийм хүмүүс хэд бий билээ. Эх орныхоо ой мод, байгаль уул, усыг хайрлах нь бүү хэл шатаан сүйтгэж, түүнийг унтраахаар олон сая хөрөнгө хүч, хүний амь гарзадсаар байна. Хүмүүс минь жаахан ч гэсэн сэтгэлтэй байгаач дээ. Аливаа зүйлд хариуцлагатай, бодлоготой хандаж, гишгэсэн мөрөө эргэн харж явцгаая л даа. Хүн бүр өөрсдийнхөө өмнө зорилго тавьж, түүнийхээ төлөө зоригтой алхаж, шударга амьдарцгаая. Монгол түмнийг минь заяа буян түшиж, аз хийморь нь дэлгэрэх болоосой доо.

Friday, June 15, 2007

Бэлэнчлэх сэтгэлгээ


Өчигдөрхөн ажлынхаа өрөөнд сууж байтал нэг залуу орж ирээд нэлээн ширүүхэн загнаж байна аа. “Улс оронд болж байгаа үйл явдлын талаар мэдээлэл бидэнд өгсөнгүй. …….. гэх хүнийг шоронд орсныг би сая л мэдлээ. Яагаад нэг удаа утасдаад энэ тухай хэлж, хүмүүст мэдээлэл хийж болдоггүй юм бэ” гэж байлаа. Түүнийг ажилахад ном сонин уншихаар бичиг үсэг мэддэг, эсвэл Телевиз, радио сонсож үзчихээр нүд, чихтэй хүн харагдаж байв. Үгүй тэгээд яагаад улс орон даяар болж байгаа зүйлийг 10-ын арван телевиз, өчнөөн олон сонин хэвлэлтэй Монгол улсад, тэр бүү хэл Улсынхаа Нийслэлд амьдарч байгаа залуу хүн байж мэддэгүй байна аа гэж би гайхлаа.
Манай байгууллага урдаа тавьсан зорилготой, хийхээр төлөвлөсөн өч төчнөөн ажилтай, түүнийхээ төлөө цаг наргүй ажиллаж байдаг болохоор иргэн хүн бүрт хандаж тэр шоронд орсон байна, энэ нь гадаад явсан, ажлаасаа халагдсан гэх зэрэг хов живийн мэдээллийг тараагаад суух завтай ажилтнууд биш юмсан гэж бодоод түүнийгээ хэлэхийг хүссэн ч түүнээс уучлалт хүсээд явууллаа. Нуулгүй хэлэхэд манай өрөөгөөр өргөдөл бичээд мөнгө, эд материал, гэр байшин гуйсан хүмүүс их ирдэг ээ. Олон нийтийн байгууллага хэдий ч буяны байгууллага мэтээр хүмүүс санадаг.
Монгол хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээ наад захын өөртөө мэдээлэл өгөх иймэрхүү зүйлээс харагдаж байна. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон эд бараа, мөнгө төгрөг ч урт настай байдаг шүү дээ. Дээрх залууд улс төр нийгмийн байдлыг сонирхохоос илүү өөрийн ирээдүй, гэр бүлээ, эсвэл өнөөдөр шинээр худалдаанд гарсан ном, шинээр бий болсон зүйл, амьдралаа өөд нь татахын тулд би юу хийх билээ гэсэн зүйлийг сонирхох шаардлага хамгийн чухал баймаар юм сан дааааа, хө. Юу ч гэх билээ.
Мэдээлэл авахдаа хүртэл хүнээр тархиндаа чихүүлээд сурчихсан иймэрхүү хүмүүс олон битгий байгаасай. Иргэд минь үр хүүхэд, өөрийн хайртай хүмүүсийнхээ төлөө ажиллаж, хөдөлмөрлөх хэрэгтэйг та хүнээр хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Үгүй ядаж өөрийнхөө төлөө, ходоодондоо хийх хоолныхоо төлөө ажил хийх хэрэгтэй шүү дээ. Идэх хоолоо хүртэл хүнээр бэлдүүлсэн залуус битгий хэл хижээл насныхан ч байдгийг үгүйсгэхгүй. Тиймээс бидэнд байдаг энэ бэлэнчлэх сэтгэлгээг халахын төлөө урагшаа залуус аа.

Tuesday, June 12, 2007

Арай ч дээ, залуу бүсгүй минь

Ажил ихтэй гээд байхаар улам ундраад байх блолтой. Тиймээс би сүүлийн үед ажил дажгүй шүү гэх болсон. Ганцаараа л их ажилтай хүн шиг байх хэрэг юу байна аа. Саяхан ажлаа хийж явахад тохиолдсон нэг явдлыг блогдоо бичихгүй бол дотор давчдаад байх юм.
Ажлын маань нэг хөтөлбөрт иргэдэд үнэ төлбөргүй үсчин эмнэлгээр үйлчлэх асуудал орсон юм. Гэтэл тэнд үсээ засуулах гэсэн хүмүүс өдөржин дугаарлаад зогсчихдог. Гэрээгээр ажилаж буй хүмүүстэйгээ цаг тохирч ажиллаж байсан болохоор тэд ч цаг нь болж явах болоход үсээ засуулах гэж зогсож байсан хүмүүс уцаарлаж байгаа нь илт. Гэвч илүү цагийн хөлс төсөвт тусгагдаагүй учраас ирсэн хүмүүст учирлан ойлгууллаа. Тэр дотроос 30 орчим насны нэгэн эмэгтэй хашгичан өнөөх үсчингүүдийг явуулахгүй хашиж зогсож байгаа харагдав. Очоод ярилцах гэтэл согтуу бололтой амнаас нь архи сэнгэнэж байв.
Би бодлоо. 30 арай хүрээгүй гэмээр тэр бүсгүй ажил хийгээд боломжийн цалин авч амьдарч болохоор авч хүүхэд хөшидтэй зэрэгцэн үнэгүй юманд нугасгүйгээ харуулан тэнд хэл ам хийн зогсохоосоо ичдэггүй юм байхдаа. Энэ бодлоо ч тэсэхгүй түүнд хэлээд л авлаа. Гэтэл эмэгтэй хүний амнаас гарамгүй хараалын үг хэлж байна.
“Манай энэ үнэ төлбөргүй үйлчилгээнд хүүхэд хөгшид, өвчтэй хүмүүс илүү хамрагдаасай гэж санадаг. Ажил хийгээд цалин авч, ядаж л эмнэлгээр явчих хөлтэй залуу хүмүүс зэрэгцээд дугаарлаж байгаа харагддаг.” Манай иргэд үнэгүй юманд ийм нугасгүй болчихсон юм уу, эсвэл улс орны маань төрийн үйлчилгээ иргэддээ ингэж хүрч үйлчлэхээ больсон юм уу бүү мэд.
Түүнчлэн иргэдээс бидний ажлыг дэмжиж буй бол хандив цуглуулах санаатай хандивын сан ажиллуултал нэг ч төгрөг ордоггүй байна шүү. Монголчууд маань хүнээс авахаа мэддэг, харин хүнд өгөхөө мэддэггүй нь эндээс илхэнээ харагдаж байв. Амьдралаа идэвхитэй болгож, нийгэмших цаг ирсэн энэ үед өнөө маргаашийнхаа хоолны мах, талх гурилын төлөө амьдрах нь бид ирээдүй рүүгээ явах замаа хааж байгаатай утга нэг болсон ажээ. Миний блогт зочлох та энэ тухай тунгаан бодож найз нөхөд, хамт ажиллагасад, гэр бүл, үр хүүхэд, дүү нартаа дамжуулан хэлж байгаарай. Бид бүгдээрээ бие биедээ заан зөвлөж, туслаж дэмжих аргыг хэрэгжүүлээд үзвэл яасан юм. Малайз улс багаар, хамт олноор, хоршоогоор ажиллаж маш их хөдөлмөрлөж байж Азийн бар улс болсон гэдэг биш билүү. Бид яагаад энэ тухай бодож болохгүй гэж.

Saturday, June 9, 2007

Үүргэвчтэй аялал


Үүргэвчтэй аялал нэвтрүүлгийг үзэж суугаад ажлаасаа бага зэрэг хоцорлоо. Малайзаар аялж сонирхолтой дугаар бэлдсэн байна. Манайдаа л ганцхан нэвтрүүлэг гэж болохоор энэ нэвтрүүлгийг Алтай хэний ч сэтгэлд хүрэхээр тайлбарлаж чаддаг. Тэгээд ч улс орны онцлогийг эрээнтэй бараантай нь, ихэс дээдэстэй нь өнгө өнгөөр нь гаргаж хэлж чаддаг. Хэн ч үзэхгүй байхын аргагүй. Жуулчид, зочдыг өөрийн нүдээр харахаас өөр аргагүй болтол нь явж байдаг. Ажиглаад байхад Алтай хаана ч явсан үндсэрхэг үзлээ гээдэггүй, Монгол гэдэг нэрийг дээдэлж явдаг шиг санагдсан.
25-р суваг телевизийн Үүргэвчтэй аялал нэвтрүүлэг өнөөдөр сүүлчийн дугаар нь гараад завсарлаж байх шиг байна билээ. Дараагийн аялал эхэлтэл бас нэгэн нэвтрүүлгээр үзэгчид дутагдаж байх вий.

Wednesday, June 6, 2007

Ээж


Өөдөсхөн чамайг энхрийлж өсгөсөн
Өр нимгэн ээжийгээ баярлуулж яваарай.
Өрөвдөх, хайрлахаас өөрийг мэдэхгүй ээж тань
Үрийнхээ төлөө сэтгэлдээ өндөлзөж явдаг юм.
Зүрхний хайртай үрээ хөл алдчих вий хэмээн
Зөөлөн зөөлөн санааширч суудаг тэд
Санаагаар нь болдог бол ганц өдөр ч гэсэн
Тоост хорвоод газар гишгүүлэхгүй явуулах л хүмүүс.

My life

Saturday, June 2, 2007

Шинэ хүн мэндэллээ


Хорвоо дээрх цорын ганц хайртай эгч маань өчигдөр 6-р сарны нэгэнд 2.700 гр хүүтэй боллоо. Өглөөхөн л баяр тэмдэглээд явж байсан хүн орой гэхэд л хүүтэй болчихлоо. Сэтгэл хөөрөөд л нисээд л байсан шүү. Нэг мэдэхэд л эмнэлэг дээр, нэг мэдэхэд л гэртээ, бас дахиад нэг ухаан ороход таксинд суугаад явж байлаа. Эмнэлэгийнхний хэлдэгээр 28 настай хожуу төрөлт гэж байсан ч дажгүй төрсөн. Өөрөөрөө төрж чадсан эгчээрээ өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөн шүү. Яагаад гэхээр нь манай эгч намхавтар биетэй болохоор тэгж төрнө гэхээс бүгд л айж байсан даг. Харин гэтэл дажгүй шүү. Маргааш бид шинэ хүнийг хүлээж авна. Сая утсаар асуутал жижигхэн шар хүүхэд байна гэж байна лээ.
Би нэг юм саналаа. 2 жилийн өмнө би охиноо төрүүлчихээд ээж рүүгээ “Энэ жижигхэн амьтныг одоо би яах юм бэ” хэмээн өөрийн эрхгүй өхөөрдөн хайр хүрч мессеж явуулж билээ. Инээдтэй байгаа биз.
Жагаа бид хоёр багаасаа л ижил хувцаслаж, хамтдаа явдаг байсан. Хүмүүс ихэр юм байна гэж өхөөрдөцгөөж л байдаг. Гэтэл одоо хоёулаа айлын эзэгтэй, хөөрхөн хүүхдүүдийн ээж нар болчихоод байна даа.
За даа, маргааш шинэ хүнээ хүлээж авах бэлтгэлээ хийе, bye.